Tuesday, March 6, 2018

                                              МОНГОЛ ОРНЫ 9 ГАЙХАМШИГ


MORNINIGNEWS.MN
Монгол түмний баяр наадам айсуй. Наадмын дараа намар эхэлдэг гэж монголчууд хэлэлцдэг. Яг энэ цаг үе бол монголчуудын хувьд амралтын сизон болон хэвшчээ.
Манайхан нэг үеэ бодвол гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо эх орныхоо үзэсгэлэнт байгальтай газраар аялах нь элбэг болсон.
Энэ удаа амрагч аялагчдадаа 2011 онд монголчуудын санал асуулгаар тодорсон өвөрмөц байгалийн зүй тогтлууд, үзэсгэлэнт газар нутаг, монгол үндэстний давтагдашгүй өвөрмөц хэв маяг, өнгө төрхийг дэлхий дахинаа илтгэсэн, даган дуурайх давтан үйлдэх арга үгүй соёлын өв, дархад урчуудын ур ухаан, уран гараар бүтсэн түүх, соёлын дурсгал, хүний бүтээсэн болон биет бус өв, урлагийн бүтээл болох Монголын 9 гайхамшигт газруудын тухай мэдээллийг хүргэе.
Энэ санал асуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Цахим өртөө холбоо, Үндэсний аялал жуулчлалын 6айгууллага ТББ хамтран зохион байгуулсан юм. Дашрамд дурдахад, энэ шалгаруулалтад 113 материал ирсэн бөгөөд 37 нь байгалийн, 76 нь хүний гараар бүтээсэн бүтээл байсан.
Шалгаруулах комиссын гишүүдийн санал хураалтаар 20 материалыг үлдээж олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр таниулж нээлттэй санал авалт зохион байгуулсны эцэст Монголын 9 гайхамшгийг тодруулж байв. Нээлттэй санал авалтыг 2009 оны нэгдүгээр сард өдөр тутмын сонин, сайт, NTV, UBS зэрэг телевизээр явуулж, хамгийн олон санал авсан газруудыг багтааж байсан билээ.

МОНГОЛЫН ГОВЬ

 
Дэлхийн томоохон элсэн цөлүүдийн нэг Монголын говь, Баянзаг, Улаан зэрэг, Хонгорын гол, Хэрмэн цавын үзэсгэлэнт газрууд. Элсэн манхан, хадархаг чулуу зэрэг нь Монгол говийг Сахарын цөлөөс ялгаатайг гэрчилдэг.
Зундаа температур +40 ба түүнээс дээш хэмээр халж, өвөлдөө -40 градус хүрч хүйтэрдэг эрс тэс уур амьсгалтай энэ хэсэг бол говийн дархан цаазат газар. Газар нутгийн хэмжээ нь Щвейцарын нутаг дэвсгэрээс том.
Баянзаг: Өмнөговийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Байгалийн өвөрмөц тогтоц, үлэг гүрвэлийн ховор олдвороор дэлхийд алдартай. Үлэг гүрвэлийн өндөг дэлхийд анх удаа эндээс олдож, хүн төрөлхтөн энэ аварга амьтны үр төл өндөгтнөөс гардаг байсныг олж мэдсэн түүхтэй. Мөн энд ховор ургамлын тоонд ордог заган ой бий.

ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЦОГЦОЛБОР

 
Хөшөөт цайдам, Хар балгас дахь Культегийн хөшөө, Түрэгийн эзэнт гүрний дурсгалыг 2004 оны долоодугаар сарын 1-нд Дэлхийн өвийн хороо “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар" нэртэйгээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авсан. 
Энэ бол хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ бүхий соёлын гайхамшигт дурсгал мөн гэдгийг ийнхүү дэлхий дахинд зарласан болно.
Орхоны хөндий бол Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хвгжүүлж, Өрнө ба Дорнын соёл иргэншлийн харилцаа, холбооны гол цэг болж байсан газар.
Эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын нандин дурсгал хадгалагддаг түүхийн үнэ цэнэтэй газар нутаг юм.
Хөшөө цайдам: Орхон голын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биед орших Хөшөө цайдам хэмээх газарт одоогоос мянга гаруй жилийн өмнө Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатныг захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд бий.

НОЁН УУЛЫН ХҮННҮГИЙН БУЛШ

Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг бол Хүннү судлал. Хүннүгийн төрийг барьж байсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг.
Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ.
Хүннү гүрний хаад ноёдын шарил Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Батсүмбэр сумын хилийн зааг дээр Ноён ууланд бий.
Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. 
 
Түүхийн асар үнэ цэнэтэй дурсгал, Хүннүгийн археологийн олдворыг Ю.Д.Талько Грынцевич нар анх судалсан.
Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монголд цөөнгүй бий ч эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурь эзэлдэг. Харамсалтай нь 2011 онд ард олны олонхын саналаар Монголын есөн гайхамшигт тооцогдсон энэ олдворуудын хувь заяа маш бүрхэг болсон.
2012-2016 онд Засгийн эрх барьсан АН нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан ч Гацууртын ордод уул уурхайн олдворлолт явуулах шийдвэр гаргачихаад байгаа. Иргэд энэ шийдвэрийг цуцлах болов уу хэмээн шинэ тулгар МАН-ын Засгийн газраас хүлээж байгаа. Хүлээлт талаар өнгөрвөл Монголын есөн гайхамшгийн нэг Ноён уулаа золиослохын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн иргэдийн эсэргүүцэл дахин сэдрэх магадлал өндөр байгаа юм.

ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙ

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км зайд орших энэ агуйд 40 мянган жилийн өмнө сийлсэн хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий. Агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлсэн байдаг.
Хойд цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхгүйгээр хадгалаж байсан.

ЭРДЭНЭЗУУ ХИЙД

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Эрдэнэ зуугийн хийд Монголын хамгийн эртний Бурханы шашны хийд. Хархорум хотын туурьтай айлсах энэ хийд Өндөр гэгээн Занабазарын үүх түүхтэй салшгүй холбогддог.
Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгал газарт ойр энэ хийдийн талаар Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд “1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт гутгаар Далай ламтай уулзаж еөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол сүм” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Хийдийг босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг. 1930-аад онд Монголын олон зуун сүм хийд устгагдаж, арван мянга гаруй лам нарыг хэлмэгдүүлсэн гашуун хувь тавилан энэ хийдийг тойроогүй. Үлдсэн гурван жижиг сүм, суврага бүхий хана л үлдээд байсан. Уг хийдийг 1947 онд музей болгожээ.

ХӨВСГӨЛ НУУР

 
Төв Азийн хамгийн цэнгэг нуур Хөвсгөл нуурыг мэдэхгүй Монгол хүн нэг ч үгүй. Нийт усны эзлэхүүн 381 км. Энэ бол дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь гэсэн үг. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах ба ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
Өвлийн улиралд арванхоёрдугаар сараас тавдугаар cap хүртэл хөлддөг. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг.Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэсэн дөрвөн аралтай. Хамгийн том нь
Далайн хүйс арал нь усны мандлаас 126 м өндөр, 3-36 км урт, хоёр км өргөн, 5.8 ам дөрвөлжин талбайтай, ой модоор хучигдсан үзэсгэлэнт. Арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ. Хөвсгөл өнөөдөр гадаадын төдийгүй дотоодын аялагчдын гол урсгалын нэг болоод байгаа.
Үүнийг дагаад аялал жуулчлалын орчин үеийн хэрэглээ шаардагдаж байгааг энэ чиглэлийн бизнес хийх бодолтой хүмүүс анхааралдаа авсан байх.

XIII ЗУУН ЦОГЦОЛБОР, ЧИНГИС ХААНЫ МОРЬТ ХӨШӨӨ

Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан тусламж эрээд буцаж харих замдаа Цонжин болдог толгойгоос нэгэн ташуур олсон тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй, сайн учралын дохио гэж үздэг.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжинболдог хэмээх газарт баригдсан 40 метр өндөр Чингис хааны аварга том морьт хөшөө Монголын есөн гайхамшгийн нэгд багтсан. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Гадаад дотоодын жуулчид хааны унасан морины хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэх боломжтой. Мөн морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольддог.
Эндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай. Энэ тоо Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, билльярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.
Тус цогцолборын ерөнхий архитектороор Д.Эрдэнэбилэг ажилласан. Хөшөөт цогцолбор 2008 оны есдүгээр дүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн.

УВС НУУР

 
Гэрэл зургийг Б.Баяр
Монгол Улсын зүүн хойд хэсэгт оршдог Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ болсон Увс нуур монголын бас нэгэн гайхамшиг. Их нууруудын хотгор дахь тус нуурын урт 84 км, өргөн нь 79 км бөгөөд 3,350 метр квадрат талбайг эзэлдэг хамгийн том нуур.
Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758,9 м, Хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4,126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.
Нуурыг 200 сая жилийн настай гэж эрдэмтэд тооцсон. Энд Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгадаг ба далайн төвшнөөс 759 м өндөрт байдаг. Нуур давсны нөөцтэй, урин дулааны цагт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд ирдэг.
Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан бий гэж эрдэмтэд тогтоосон.
Түргэн уул, Алтан элс, Цагаан шувуут уул, Увс нуурыг багтаасан байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг бүхий 679.6 мянган га газрыг нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгож, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.

БУРХАН ХАЛДУН УУЛ БОЛОН ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗАР НУТГУУД

 
Бурхан Халдун уул, Хэнтий аймаг
Эзэн Чингисийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул. Монголын эртний сурвалж бичиг “Монголын нууц товчоон”-д өгүүлснээр Их эзэн Чингис хаан Бурхан халдун уулийг үрийн үрд үүрд тахиж, үе тутам үргэлж шүтгэж явахыг эрхэмлэн захисан байдаг.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь эртний шүтлэгт энэ уул далайн түвшнээс дээш 2,361.5 м өндөрт өргөгдсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байгаа.
Хар зүрхний хөх нуур: Эзэн Чингисийн Монголын их гүрний хаан ширээнд заларсан Хар зүрхний хөх нуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Бага буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдийн эхэнд байдаг далайн төвшнөөс дээш 1,675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм.
Өглөгчийн хэрэм: Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 км-ын зайд Дайчин уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм хэмээдэг байна. Энэ хэрэм нь ойролцоогоор гурван км орчим бөгөөд урд талдаа хоёр хаалганы оромтой ажээ. Хэрмийн хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай.
Уг хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домог болгон ярьдаг байна.
Судлаачид хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж XII—XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзэж байжээ. Харин түүхчид эндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалан Хятаны үед холбогдоно гэж тогтоожээ.

No comments:

Post a Comment